Нийслэлийн иргэдийн хүн ам зүйн зарим үзүүлэлтээс шалтгаалж энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн стратегит өөрчлөлт орохоор харагдаж байна. Тухайлбал, шинэ хуучин ялгаагүй нэр дэвшихээр горилогчид залуучуудын саналыг авахын төлөө ший жүжиг тоглохоос наахнуур яваа энэ цаг үед нийслэлийн цөм зорилтот бүлэг нь 35-44 насныхан буюу ид насныхан болж таарлаа. Доорх статистик тооцоолол нь сонгуулийн насны хүн амын тоо бөгөөд үүнээс нэрийн жагсаалтад бичигдсэн иргэд сонгуульд санал өгөх эрх нь үүсэх юм. Өөрөөр хэлбэл энэ тооноос эрх зүйн бүрэн чадамжгүй, хорих ангид ял эдэлж байгаа, хаягийн зөрчилтэй иргэд хасагдана гэсэн үг. Сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад 2024 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо олон нийтэд ил болоогүй учраас 18-аас дээш насны хүн амын тоон (1027326) дээр үндэслэж харьцуулалт хийсэн болно. (Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар)
Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 25,6%-ийг 35–44 насны иргэд эзэлж байгаа бөгөөд насанд хүрсэн 4 хүн тутмын 1 нь энэ ангилалд багтаж байгаа. Үүний 48,6% нь эрэгтэй, 51,4% нь эмэгтэй байна. Удаад нь 25-34 насны залуучууд 24,1%-ийг, сонгуулийн идэвх оролцоо хамгийн бага гэж яригддаг 18-24 насны шинэ сонгогчид 12,1%-ийг тус тус эзэлж байна. Харин 65-аас дээш насныхан нийлээд 8,1%-ийг эзэлж, хамгийн сүүлд жагсжээ.
Эдгээрээс сонгогчдын нэрийн жагсаалтад тоон үзүүлэлт нь буурч бүртгэгдэх магадлалтай бүлэг нь 18-34 насны залуучуудын бүлэг юм. Өөрөөр хэлбэл сонгуульд санал өгөх залуучуудын тоо харьяаллын бус, хаягийн зөрчилтэй, оюутны зуны дадлага, ээлжийн ажил, цагийн ажил зэрэг шалтгаанаас болж багасна гэсэн үг.
Хүйсийн хувьд насны бүлэг тус бүр дээр балансаа барьж байгаа тул хүчтэй ялгарал харагдахгүй байна. Харин 55-аас дээш насанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа нь манай улсын иргэдийн дундаж наслалттай шууд хамааралтай гэж таамаглаж байгаа.
Төвийн 6 дүүргээс сонгуулийн насны хүн амын болон өрхийн тоогоор БЗД тэргүүлж, СХД удаалж байна. СБД, ЧД-ийн сонгуулийн насны хүн ам нийлээд БЗД-ийн 65,7%-д хүрч байгаа ч мандат нь 1-ээр илүү хуваарилагдсныг сонгогч та бүхэн мэдэж байгаа байх. Тодруулбал, БЗД буюу 8-р тойрогт 54,683 иргэнийг, СБД, ЧД буюу 10-р тойрогт 29,951 иргэнийг 1 мандат төлөөлөхөөр тойрогт ногдох мандатын тоог хуваарилсан нь нэг учиртай л байх.
Дээрх зургаас төвийн дүүргүүдэд 35-44 насныхан илүү жин дарж байгаа ч энэ бүлгийнхэн сонгуульд идэвхтэй оролцдог, үзэл бодол, байр суурь нь тогтоод эхэлчихсэн, сонголт нь ер нь тодорхой болчихсон байдгийг мартаж болохгүй. Зөвхөн СХД-т 25-35 насныхан гол зорилтот бүлэг болох дүр зураг ажиглагдаж байна.
Захын дүүргүүдэд 25-45 насныхан “цөм сонгогч” болж байгаа бол 55-аас дээш насныхны нийт дүн тухайн насны бүлэг тус бүрийн эзлэх хувьтай ойролцоо байгаа нь сонирхол татаж байна.
Хүйсийн хувьд төвийн дүүргүүдээс СБД-т 25-аас доош насныхны дотор, СХД болон ЧД-т 45-аас доош насныхны дотор, захын дүүргүүд болох БНД-т 35-аас доош насныхан дотор, БХД-т 55-аас доош насныхан дотор, НД-т 45-аас доош насныхан дотор эрэгтэйчүүд давамгайлж байгаа нь сонгуулийн ирцэнд сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь үе үеийн сонгуулиудад эмэгтэйчүүдийн идэвх, оролцоо өндөр байдаг.
Эцэст нь дүгнэхэд нийслэлийн “цөм сонгогчид” болох 35-44 насныхны ажил, амьдрал нь ерөнхийдөө төвхнөсөн, үзэл бодол байр суурь нь тогтоод эхэлсэн, хэр баргийн юманд итгэхээ больсон “хашир сууж буй сонгогчид” учраас нийслэлд “олон санал” авахаар зорьж байгаа нам, эвслүүд, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын тактикаа өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэхээр байна. Гэхдээ зарим нэг амьдралын болон боловсролын түвшин бага иргэдийн хувьд мэдээллийн төөрөгдүүлэлтэд өртөх, нийгмийн сүлжээний нөлөөлөлд автах, амлалтанд хууртах, саналаа худалдах, сонгуульд оролцохгүй байх нөхцөл байдал үүсэхийг давхар тооцоолох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн улс төр сонирхдоггүй, улс төрөөс ангид байхыг хүссэн, улс төрийн аливаа мэдээлэлд хаалт тавьсан залуучуудын бүлэгт анхаарал хандуулж, тэдний “хэлээр” ойлголцох нь чухал байна.
Улс төр судлаач Д.Одмаа (Доктор (Ph.D), дэд профессор)