Монгол Улсын УИХ-ын ес дэх сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Энэ өдөр бол иргэд, олон нийт төрөө барих өдөр. Гэхдээ төр барих энэхүү өдрөөр залуусын оролцоо сул байдгийг өнөөг хүртэл шүүмжилсээр ирсэн. Хэрэвзээ энэ удаагийн сонгуулиар залуус төрөө эмхлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцвол эргэлтийн хэмээн нэрлэж болохуйц сонгууль ч болж мэднэ. Тэгвэл яагаад эргэлт авчирч чадах вэ гэдгийг товчхон тайлбарлая.Залуус гэх тодотголд багтаж буй “Z” үеийнхэн энэ удаагийн сонгуулийн гол дүр. 1996-2012 онд төрөгсдийг олон улсад “Generation Z” буюу “Z үеийнхэн” гэдэг. Өндөр технологийн үед өсөн торниж буй тэд өмнөх үеийнхнээсээ эрс ялгаатай байдлаараа судлаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, хэдийн судлагдахуун болсон билээ.Тэдний сонгуульд оролцсон байдлыг харвал, УИХ-ын 2012 оны сонгуульд 18- 35 насны залуучууд 40 хувийн ирцтэй буюу 60 хувь нь саналаа өгөөгүй. Харин 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь, 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон юм. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байжээ.
Ирц муутай, идэвхгүй насныхан бол 15-34 насныхан. Монгол Улсад эл насны сая иргэн бий. Тэднээс манай улс аль чиглэлд явж байна гэх энгийн асуулгыг тавихад дийлэнх нь “манай улс буруу чиглэл рүү явж байна” хэмээн дүгнэж байгаа хэдий ч яагаад өөрчлөлт авчирч, өнөөгийн нийгмийг өөрчлөхөд гар бие оролцохгүй байна вэ гэдэг анхаарал татахуйц асуудал.
Нэг талаараа улс төр тэдний анхаарлыг татахуйц сонирхолтой, тэдний “хэл”-ээр яригддаггүй, нарийн төвөгтэй байж болох ч нөгөө талдаа заавал судлах, анхаарах нь зүйтэй асуудал. Тухайлбал, таны өгсөн санал ирэх жилүүдэд талхаа хэдэн төгрөгөөр авч, цалингаасаа хэдэн төгрөгийн татварыг төлж, эрүүл мэндийн үйлчилгээгээ 13А маягттай авах уу, үгүй юү. Аль эсхүл автобусанд 44 удаа зорчих уу, 22 удаа зорчих уу гээд өдөр тутмын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлнө гэдгийг ухамсарлах учиртай.
Эдийн засгийн мэргэжлийн оюутан, эмэгтэй, 19 нас: Улс төрийн оролцоо гэдгийг сонгуульд оролцож саналаа өгөх юм байна л гэж ойлгодог. Өөр асуудлуудыг төдийлөн сайн мэдэхгүй байна. Энэ талаарх мэдээлэл манай үеийн залууст тийм сонирхолтой санагддаггүй байх аа.
Багш мэргэжлийн оюутан, эрэгтэй, 19 нас: Миний хувьд улс төрийн талаарх ойлголт муу, оролцоотой байх тухай, эсвэл Засгийн газар гэж юуг хэлж байгааг ч ялгаж, салгаж чадахгүй байна. Нас ахихаар улс төрийн амьдралд оролцдог, эсвэл сонирхдог болдог гэж боддог. Манай гэрийнхэн хааяа улс төрийн талаар ярьдаг, сүүлд ковидтой холбоотойгоор улстөрчдийн хийж байгаа ажлуудыг шүүмжилж байсан нь санагдаж байна. Эцэг эх маань надтай улс төрийн талаар цаг гарган ярьж байгаагүй.
Хүний нөөцийн мэргэжилтэн, эмэгтэй, 25 нас: Сургуулиа төгсөөд ажил дээр гарахаар улс төрийн ерөнхий ойлголтуудаа бол гадарлахтай болсон байдаг. Гэхдээ улс төр миний амьдралд хэзээ, хаана нөлөөлж байна гэдгийг харвал, хийж байгаа ажил, амьдралтай минь холбогдоод байгаа нь илүү анзаарагддаг. Ялангуяа, улстөрчдийн гаргаж буй шийдвэрүүд ажил, амьдралд минь нөлөөлөөд ирэхээр илүү ойлгодог, илүү сонирхдог болдог юм байна.
• • •
Залуусын хариултаас харахад зарим нь өөрсдөө сонирхож байгаа бол заримынх нь хувьд сургуулиа төгсөж амьдралд хөл тавих цагт улс төр өөрөө сонирхсон байна. Тэгвэл одооноос залуус сонирхох цагийг нь хүлээх, хэн нэгэн сонирхуулахыг шаардах бус өөрсдөө шаардаж, өөрсдөө сонирхох хэрэгтэй.
Тэгж байж гэмээнэ ирэх сонгуулиар таны хүссэн, таны эрхийг хамгаалах нэгэн төлөөлнө. Үгүй бол өнгөрсөн сонгуулийн адилаар сошиал дээр “Not my president” хэмээн хаяглаад пост юухан бичээд суусан хэвээр үлдэнэ байх.Тэгвэл одооноос ухамсарлаж, эрхээ бүрэн эдлэхэд дараах хэд хэдэн шалтгаан гарч болзошгүй.
Тиймээс эдгээрт одооноос анхаарч энэ төрлийн шалтгийг тоочихгүй байхыг анхааруулж байна.Учир нь, сонгуульд оролцох нас нь болсон ч саналаа өгч байгаагүй иргэдийн хувьд цаг зав олдоогүй, итгэл хүлээлгэх нам, улстөрч байгаагүй, надтай, надгүй сонгууль болно, нэр дэвшигчийн талаар мэдээлэл бүрэн аваагүй гэх шалтгийг өмнөх сонгуулиудаар тавьсаар ирсэн юм.
• • •
Харин одоо хэнийг сонгож, яах вэ гэж бодлогоширч байгаа бол тодорхой баримжаа олгох үүднээс ямархуу улстөрч таныг, Монгол Улсыг төлөөлөх нь зүйтэй вэ гэдэгт хариулах, залуус итгэл хүлээлгэж болох улстөрчийн шинжийг хүргэе. Тухайлбал, залуусын 65 хувь нь өндөр боловсролтой, 61 хувь нь шударга, 33 хувь нь залуучууд руу чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг нэгнийг сонгохыг, тэдэнд итгэл хүлээлгэхийг эрмэлзэж байна. Тиймээс та энэ мэтчилэн өөрийн хэмжүүр шинжийг бүрдүүлсэн нам, улстөрчийг сонгоход болох юм.
Сонгуульд оролцох нас хүрсэн ч, саналаа өгч байгаагүй шалтгаан /Хувиар/
Залуусын сонгох боломжит улстөрчийн шинжийг дээрх графикаар үзүүлсэн. Харин одоо улстөрч болон улс төрийн намынханд залуус юуг хүсэж буйг хүргэж байна. Ингэхдээ хиймэл оюун ухаан болох “chatgpt”-г ашигласан болно.
“Тэдний хүсэл”
Монголын залуучууд дэлхийн залуучуудын нэгэн адил тэдний санаа зовоосон асуудлыг ойлгож, шийдвэрлэдэг улс төрийн удирдагчийг хайдаг. Тэгвэл улстөрчдөөс тэдний нийтлэг хүсдэг хүслийг нь дурдвал:
Эдийн засгийн боломжууд: Монголын залуучууд ихэвчлэн эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох бодлогыг эрэлхийлдэг. Тэд улстөрчдийг ажил эрхлэлт, бизнес эрхлэх, дээшээ шилжих боломжийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Боловсролын шинэчлэл: Боловсрол бол Монголын олон залуучуудын анхаарлаа хандуулдаг тэргүүлэх чиглэл юм. Тэд улстөрчдөөс боловсролын чанарыг сайжруулах, тэр дундаа сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, дээд боловсролыг хүртээмжтэй болгох, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсрол олгоход хөрөнгө оруулахыг хүсч байна.
Байгаль орчныг хамгаалах: Монгол Улс байгалийн өргөн уудам газар нутагтай гэдгээрээ алдартай бөгөөд олон залуучууд агаар, усны бохирдол, ойн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны асуудалд санаа зовж байна. Тэд улстөрчдөөс бодлогогоос байгаль орчныг хамгаалах, тогтвортой байдлыг чухалчилна гэж найдаж байна.
Авлига ба ил тод байдал: Монгол Улсад авлига бол чухал асуудал. Залуучууд улстөрчдөөс хариуцлага, ил тод байдлыг шаардахыг тэргүүн эгнээнд тавьж байна. Мөн авлигатай тэмцэж, сайн засаглалыг баталгаажуулдаг удирдагчдыг хүсч байна.
Нийгмийн шударга ёс ба тэгш байдал: Монголын залуучууд жендэрийн тэгш байдал, LGBTQ+ эрх, цөөнхийн эрх зэрэг нийгмийн шударга ёс, тэгш байдлын төлөө тэмцдэг. Тэд улстөрчдөөс бүх иргэдэд хүртээмжтэй байдал, шударга байдлыг дэмжсэн бодлогыг дэмжинэ гэж найдаж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж: Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах нь монгол залуу хүмүүст нэн чухал. Тэд улстөрчдөөс эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах, хямд үнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг эрүүл мэндийн шинэчлэлийг нэн тэргүүнд тавихыг хүсч байна.
Технологи ба инноваци: Технологийн хурдацтай дэвшлийн үед монголын залуучууд инноваци, дижитал бичиг үсгийн боловсрол, технологийн салбарын өсөлтийг дэмжих бодлогыг сонирхож байна. Тэд улстөрчдөөс технологийг эдийн засгийн хөгжлийг жолоодох, засаглалыг сайжруулах хэрэгсэл болгон ашиглахыг хүлээж байна.
Иргэний оролцоо: Монголын залуучууд улс төрийн үйл явцад идэвхтэй оролцохыг хүсдэг. Тэд өөрсдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэр гаргах үйл явцад оролцуулж, залуучуудын засаглалд оролцох боломжийг бүрдүүлдэг улстөрчдийг эрэлхийлдэг.
• • •
Ийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль бүрээр ирц дутуу, залхуу хойргоор дуудуулдаг залуус энэ удаагийн сонгуулийн гол баатар болж, эргэлт хийхэд 43 хоног үлджээ. Энэ хугацаанд улс төрийг өөрөөсөө түлхэж, дөлөлгүй өдөр бүр ярьж, хэлэлцэж, санаа бодлоо хуваалцах нь зөв сонголт агаад чансаатай парламентыг бий болгоход залуу таны санал чухал нөлөөтэй юм.
Мөн энэ удаагийн сонгуулиар Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг сонгох бол жагсаалтаар үлдсэн 48 нь сонгогдох юм. Одоогийн байдлаар намууд жагсаалтад нийгмийн төлөөлөл буюу малчин, эмч, багш, залуусыг оруулна хэмээгээд буй. Тэгэхээр залуус таны төлөөлөл ч үүнд багтах боломжтой. Иймээс сонгуулийн эдгээр өдрүүдэд дуртай киноныхоо дараагийн улирлыг хүлээж буй мэтээр намын, улстөрчийн нэр, мөрийн хөтөлбөрийг ажвал зохих юм.
Эсхүл өдөр бүр ярьж, өдөр бүр хэрэглэдэг инстаграм шиг, хардаг, харамладаг нэгнийгээ сталкерддаг/stalker/ шиг улстөрчдийг ч сталкердаж ухаж, судална уу. Танаар дутахгүй биш дутах сонгууль.
Ашигласан эх сурвалжийн материал: Залуучуудын улс төрийн оролцоо судалгааны тайлан, “Z” үеийн залуучуудын улс төрийн оролцоо судалгааны тайлан, Олон нийтийн санал бодлын судалгаа.
Эх сурвалж : https://itoim.mn/a/2024/05/16/election/qjq